Сагсчин залуус 2021  оны 2-р сарын 06-07-нд шилжих шөнө амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн  талаар   Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрээр  “Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03:00 цагт БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирсэн. Тэр даруй цагдаагийн байгууллага мэдээллийг аван хэргийн газарт ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай “Ц” гаднын нөлөөтэй амь насаа алдсан. 20 настай “И” өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа.

БЗД дэх цагдаагийн газраас тус хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.Хэргийн талаар цахим мэдээллийн хэрэгслээр  олон зүйл яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа нөхцөл байдал, болсон үйл явдал нь тодорхой болдог байхад хэргийн талаар ташаа худал мэдээлэл гарч байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдаж байгаа нотлох баримт мэдээллийг бид хэлэх боломжгүй. Хуулиараа хориотой. Иймээс иргэд олон нийт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад буруу ташаа мэдээлэл олон нийтийн хэрэгслээр гаргахгүй байхыг хүсье. Шаардлагатай гэж үзвэл бид прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч олон нийтэд мэдээлэл өгнө” гэлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.